Миний хайр

2011-09-03,

Миний хайр

Шарласан навчис сэвшээ салхинд нэг нэгээр цувран унах намрын нэгэн нарлаг  өдөр. Далай урьдын адил ажлаа тараад гэр лүүгээ яаран ирэхэд аавыгаа ирэхийг тэсэн ядан хүлээж байсан бяцхан охин нь хаалганыхаа өмнө аавыгаа инээмсэглэн угтана. Далай охиныхоо духан дээр нь үнсээд хувцсаа сольж, гараа угаагаад гал тогооныхоо өрөөнд орж хоолоо хийхээр бэлдэж эхэллээ. Охин ч аавыгаа хаашаа явна араас нь дагаж өнөөдөр ангид нь юу болсон, ямар үсэг үзсэн, юу сурч мэдсэнээ нэгд нэгэнгүй ярьж өгнө. Далай охиныхоо яриаг шимтэн сонсож, ярилцангаа хоолоо хийж, охинтойгоо хамт сууж хоолоо иднэ. Энэ нь тэднийг хорвоогийн хамгийн жаргалтай, хамгийн дотно эцэг охин хоёр шиг харагдуулна.

            Охиныг Эгшиг гэдэг бөгөөд Далайгийн ганц охин. Далай эхнэр Үүрийнтуяатайгаа 4 жилийн өмнө автын осолд орж Далай хүнд гэмтэн, эхнэр нь нас барсан юм. Эгшиг охин 2 настайд нь бурхны оронд очсон ээжийгээ сайн мэдэхгүй бөгөөд ямар хүн байсан бол? Надад хайртай байсан болов уу? Ээж минь ямар хүн байсан бол? гэх зэрэг хүүхдийн цайлган бодлоор ижийгээ төсөөлөн, олон зүйлийг мэдэхийг хүсдэг байлаа. Гэхдээ ээжийгээ энэ хорвоогийн хамгийн хөөрхөн, хамгийн сайхан ээж байсан гэдэгт үргэлж итгэнэ.

            Хоолоо идчихээд Далай охинтойгоо телевизор үзээд сууж байтал Эгшиг охин өдөр гэрээсээ нэг зүйл олсноо санаж өөрийнхөө өрөө рүү ороод нэгэн зузаан тэмдэглэлийн дэвтэр барьсаар аав дээрээ ирээд “Ааваа. Энэ хэний дэвтэр вэ? Ээжийнх үү?” гэж асуулаа. Далай дэвтэрийг нээж үзвэл түүний насан туршийн ганц хайр, балчир охиных нь ээж Үүрийнтуяагийн өдрийн тэмдэглэл нь байлаа. Далай “Тиймээ, чиний ээжийн дэвтэр байна. Чи үүнийг хаанаас олсон бэ?” гэж асуухад охин “өнөөдөр эмээ намайг сургуулиас аваад гэртээ ирэхэд миний ширээн дээр энэ дэвтэр байсан” гэж хариулаад “ааваа наад дэвтэр дээр юу гэж бичсэн байна? Надад уншаад өг” гэж завсар зайгүй шалгаалаа. Далай дэвтэрийн эхний хуудсаас нь эхлэн охиндоо уншиж өгнө...

            Өдрийн тэмдэглэлийг нээж эхний хуудсыг уншиж өглөө. *“Намайг Үүрийнтуяа гэдэг. Би үүр цайж, гэрэлт наран хорвоо дэлхийг туяагаараа гэрэлтүүлэн сэрээх мөчид төрсөн болохоор аав минь надад Үүрийнтуяа гэдэг нэр хайрласан гэж ээж минь хэлсэн. Би одоо 17 настай. Би Далай, Уянга гэдэг багын  хоёр сайн найзтай. Бид 3 цайран хөхрөх Хөвсгөл далайнхаа хөвөөнд чулуугаар айл гэр болж тоглож өссөн. Далай эрэгтэй болохоороо дандаа аав нь болж, би ээж нь болж, Уянгааг охиноо болгон тоглодог байсансан. Уянга заримдаа “Та 2 дандаа аав ээж болдог. Би одоо ээж нь болно” гэж бид нар хоорондоо муудалцдаг байж билээ. Бид 3 нэг ангид элсэн орж суралцаад цаг хугацаа харвасан сум шиг ниссэн одсоор одоо төгсөх ангийн сурагчид. Далай бид хоёр 10-н жил 1 ширээнд хамт сууж байна. Уянга бид 2-ын яг ард талын ширээнд миний талд суудаг. Би уул ус, мод ургамал, жимс жимсгэнэ, араатан жигүүртэн бүгд жигдэрсэн энэ сайхан нутагт төрж өссөндөө бахархдаг бас энэ ертөнцийн хамгийн сайхан газар гэж бодож явдаг.

            Далай бид 2-ын аавууд Хөвсгөл далайн аврах ангид хамтдаа ажилладаг унаган багын найзууд байсан юм. Бага байхад манай гэр бүл, Далайгийн гэр бүлийнхэнтэй хамт жимсэнд явдаг, гэр бүлээрээ хамтдаа хөдөө гарч амардаг гэр бүлээрээ дотно найзууд байсан юм. Энэ л үе миний хүүхэд насны минь хамгийн аз жаргалтай, сайхан мөчүүд байж дээ гэж бодогддог юм.

Далай бид хоёрыг 6-р ангид орсон жилийн намрын жихүүн бороотой бүрхэг тэр нэгэн өдөр бид хоёрын аав ажилдаа яваад хоёулаа эргэж ирээгүй юм. Хүйтэн жихүүн салхи хүчтэй үлээн, хэзээ зогсох нь үл мэдэгдэх ширүүн бороо нүргэлэн орж, өтгөн манан татсан тэр өдөр Хөвсгөл далайд төөрсөн нэгэн загасчныг хайхаар яваад хоёр аав минь осолдож амиа алдсан юм. Аавыг нас барсныг сонсоод ээж минь маш их цочирдож, тэр явдлаас хойш ээжийн бие байнга өвддөг, бие муутай болсон. Би ч гэсэн тэр мэдээг сонсоод хорвоо дэлхий хөмөрсөн юм шиг болж, маш их шаналж өдөр бүр аавынхаа зургийг тэврээд уйлдаг байлаа. Аавыгаа одоо ч маш их санаж үгүйлдэг. Эмээ минь надад ”Ижийд чинь бүр хэцүү байгаа, миний охин ухаантай юм чинь ижийгээ бодоод аавыгаа санасан ч ижийдээ битгий мэдэгдээрэй, ээж чинь улам шаналах болно шүү. Бид ийм л хувь тавилантай хүмүүс” гэж үргэлж захидаг байсан. Энэ үгийг нь би эхэндээ ойлгодоггүй байсан ч  сүүлд эмээ минь бүх учрыг хэлж өгсөн юм.

             Миний эмээгийн элэнц эмээ нь энэ нутагтаа царай зүс, сэцэн ухаанаараа шагшигдан гайхагдсан үзэсгэлэнтэй бүсгүй байсан ажээ. Түүнд олон эрчүүд дурлаж, гэргийгээ болохыг гуйдаг байсан ч тэр ноёд тайжуудтай заргалдаж, нутаг дамжин тайж ноёдын малаас таслан хөөж ядуу ардад өгдөг жирийн нэгэн шилийн сайн эрд хайртай байжээ. Нэгэн удаа түүнийг олон үеэрээ хараал жятга хийдгээрээ алдартай нэгэн бөө эхнэрээ болохыг гуйсан боловч тэр үл зөвшөөрч өөрийн хайртай эртэйгээ суусан гэдэг. Үүнд нь хорсон уурласан тэр бөө “эмээгийн элэнц эмээг 7 үеэрээ охин төрүүлж, бүгд бэлэвсэн амьдраарай” гэж хараасан гэдэг. Энэ явдал болсноос хойш хэсэг хугацааны дараа манай эмээгийн элэнц өвөө эмээ 2 нэгэн охин төрүүлж, охиноо төрөөд удаагүй байхад элэнц өвөө нь хүнд хорлогдож нас барсан гэдэг. /1885-1899 он/ Эмээгийн эмээ нь үзэсгэлэн төгс бүсгүй болон өсөж томорчээ. Тэр нутгийн нэгэн тайжтай сууж миний элэнц эмээг төрүүлжээ. Гэвч нөхөр нь цаг төрийн ээдрээтэй цаг үе болох Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний төлөө тэмцлийн чухал үед Монгол орноос гамингийн үлдэгдлийг хөөн гаргах тулалдаанд эрэлхэгээр байлдаж яваад нас барсан гэдэг. Миний элэнц эмээ насанд хүрч нэгэн цэргийн хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж түүнтэйгээ сууж миний эмээг төрүүлжээ. Миний эмээг 7 настай байхад нь элэнц өвөөг ногоон малгайтнууд ирж барьж авч явснаас хойш эргэж ирээгүй гэдэг. Ингээд миний эмээ том болоод миний өвөөтэй танилцаж, гэр бүл болж миний ээжийг төрүүлсэн гэсэн. Тэгээд аз жаргалтай хэдэн жилийг өнгөрүүлж байтал миний өвөө атрын аян оролцож тракторын жолоочоор ажиллаж хөдөлмөрлөж яваад золгүй явдлаар осолдож нас барсан гэсэн. Миний аав ч гэсэн энэ жамаар нас барсан ч юм билүү гэж эмээг ярьснаас хойш би боддог болсон юм.

             Далай аавыгаа нас барснаас хойш Уянга бид 2-той арай хөндий болж, анги дээр л дуугардаг боллоо. Түүний гаднаа зүгээр байгаа мэт харагддаг ч дотроо аавыгаа ямар их санаж шаналж байгаа сэтгэлийг нь би ойлгохын дээдээр ойлгож байлаа. Далай над шиг дотроо  шаналж байгааг нь би үргэлж мэдэрч, түүнийг өөр шигээ санаж, түүнийг үргэлж харж, хамгаалж явна гэж би дотроо бодож явдаг болсон юм. Далайг хараад өөр шигээ санаж өрөвддөг байсан би цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн мэдэлгүй түүнийг бодож мөрөөдөж, шөнө зүүдэлдэг болсон байлаа. Гэвч Далай анги дэвших тусам Уянга бид 2-той дуугарах нь бүр багасч, сурлага нь муудаж, хааяа хичээлээ тасалж, нутгийн атаман хулигаануудтай нийлж зодоон цохион хийж, тамхи татаж, заримдаа архи уусан согтуу явдаг боллоо.

/Эгшиг охин “Та тийм муухай зүйлүүд хийдэг байсан юм уу? Архи, тамхийг чинь муу хүмүүс хэрэглэдэг биз дээ?” гэж асуулаа. Далай охин руугаа харан инээснээ “Тиймээ, архи тамхийг муу хүмүүс хэрэглэдэг” гэж хариулна./  

Энэ бүхнийг Уянга бид хоёр харж тэвчилгүй Далайг энэ буруу замаас нь татаж гаргах талаар бодож, түүнтэй уулзаж ярилцахаар шийдсэн юм. Тэгээд 9-р ангийн хаврын нэгэн дулаан орой Далайтай уулзахаар тохироод би Уянга дээр очтол Уянга “Миний бие өвдөөд байна. Чи очоод уулзчих” гэж хэлсэн юм. Тэгээд би уулзахаар болзсон газраа ирэхэд Далай арай ирээгүй байсан юм. Далайг боддог болсноос хойш анх удаа л хоёлхнаа уулзах гэж байгаа болохоор би маш их сандарч, битүүхэндээ догдолж байлаа. Гэхдээ энэ бид хоёрын болзоо биш, найзыгаа буруу замаас гаргах уулзалт шүү гэж дотроо хэлсээр хүлээж байлаа. Удалгүй Далай ирж бид хоёр ойр зуурын зүйл, хичээл, ангийнхны талаар ярилцана. Учир нь Далай сүүлийн долоо хоног хичээл дээр ирээгүй юм. Би Далайгаас “Чи яагаад ийм өөр болчихсон юм бэ?” гэж шууд асуутал Далай гайхсанаа инээгээд “Миний юу өөрчлөгдсөн байна. Намайг танихгүй байна уу? Би Далай л байна ш дээ.” гэж надад тоглоом болгож хариулаад инээлээ. Тэгэхээр нь миний бага зэрэг дургүй хүрч “Чи миний мэдэх Далай биш байна. Би ийм хүн танихгүй. Архи тамхи хэрэглэж, хүнтэй муудалцаж зодолдож явдаг Далайг би мэдэхгүй” гэж хэлтэл Далай “Би ийм л хүн ш дээ. Намайг одоо л мэдэж байгаа юм уу? Надад санаа тавьж байгаа юм шиг битгий жүжиглээд бай. Надад хэний ч тусламж туслалцаа хэрэггүй. Би өөрийгөө мэдээд явна. За?” гэж хэллээ. Энэ үгийг сонсоод миний уур хүрэхийн дээдээр хүрсэн ч тэвчиж, ирсэн зам руугаа хэд хэд алхсан боловч түүнд дотроо бодож байсан бүх зүйлээ хэлэх хүсэл минь хойш татсаар эргэж Далай дээр ирээд “Чи аавыгаа өнгөрснөөс хойш ингэж өөрчлөгдсөн биз дээ? Би ч гэсэн аавыгаа алдсан ш дээ. Чи л ганцаараа аавыгаа санаж шаналдаг юм уу? Би ч гэсэн аавыгаа маш их санаж шаналж байна. Чи үлдсэн ээжийгээ бодооч” гэж хэлж байхдаа миний нулимс өөрийн эрхгүй урсаж эхэр татан уйлж эхэллээ. Далай хэсэг хором бодож зогссоноо намайг тэврэн авлаа. Би Далайгийн энгэрт тэврүүлээд уйлсаар л байлаа. Далай ч юу ч хэлэлгүй намайг тэврэн зогссоор байсан юм. Удалгүй би тайвшран уйлахаа болиход Далай намайг тэвэрсэн хэвээрээ “Намайг уучлаарай” гэж хэлэхэд би түүнийг өөрийн эрхгүй тэвэрч авсан юм. Энэ үед миний зүрх галд шатаж байгаа мэт халуу төөнөж Далайд хичнээн их хайртайгаа анх мэдэрсэн юм. Бид хоёр хэр удаан тэврэлдсэнээ мэдэхгүй ч, цаг хугацаа энэ чигээрээ мөнхөд зогсчихоосой, үргэлж түүнийгээ тэврээд л байх юмсан гэж би мөрөөдөж, залбирч байж билээ. Далай намайг тэвэрсэн чигээрээ өөрийн гунигласан шаналсан сэтгэлээ уудлан ярьж дараа нь “Би дахиж архи уухгүй, тамхи татахгүй, зодоон хийхгүй. Чамд амалъя” гээд баруун гараа өгөхөд би бас гараа өгч бид хоёр барьсан юм. Тэгээд бид хаврын бүтэн сартай шөнө үзэсгэлэнт нутгаараа зугаалж багын дурсамжаа ярилцаж инээлдэж нэгэн шөнийг өнгөрүүлсэн юм. Би энэ өдрийг хэзээ ч мартахгүй.

/Эгшиг охин “Ааваа та, энэ өдөр ээжийг үнссэн үү?” гэж асууна. Далай ахин инээснээ “Тийм ээ” гэж хариулна./

            Далай хэлсэн амандаа хүрч хичээлээ таслахаа, нийлдэг байсан нөхөдтэйгөө нийлэхээ, архи тамхи хэрэглэхээ больсон юм. Уянга надаас яаж Далайг буруу замаас гаргасныг, тэр шөнө юу болсныг үргэлж асууж шалгаадаг ч би “Би юу ч хийгээгүй ээ. Далай өөрөө л шийдсэн” гэж хариулдаг байлаа. Далай, Уянга бид гурав бага ангидаа яаж найзалдаг байсан шигээ буцаж тэгэж найзалж эхэллээ. Энэ нь үнэхээр гоё байсан ч би Далайтай яг тэр шөнө байсан шигээ хоёлхнаа байхыг хүсдэг ч бид хоёрын хажууд үргэлж Уянга хамт байдаг байсан юм. Далай, Уянга бид гурав хичээл номоо хамтдаа сайн хийж сургуульдаа сурлагаараа эхний гурван байранд ордог байлаа.

            10-р ангийн хавар. Сургуулиа төгсөх мөч улам ойртоод Хонхны баярын уур амьсгал хэдийнээ оржээ. Олон жил нэг ангид суралцаж ижилдэж дассан нэг ангийхны улсын шалгалтанд бэлтгэх давтлага хичээлүүд орж, уулзах уулзалт улам ихсэн нэгэн өдөр ангиараа оройны Соёлын төвийн дисконд орсон юм. Гэтэл дискон дээр нутгийн хулигаанууд мөн ирсэн байлаа. Тэдний ихэнх нь согтуу байсан бөгөөд өмнө нь Далайтай нийлдэг байсан болохоор түүнтэй уулзаж мэндлээд “Хамт ууя” гэхэд нь Далай цайны аягаар архи нэг удаа уугаад “За би ангийнхан дээрээ очлоо” гэж хэлээд ирэхэд нөгөө хэд нь ангийн бусад хөвгүүдийг нэг нэгээр нь дуудаж дээрэлхэн, охидыг өдөж хоргоогоод байлаа. Нутгийн хулигаануудын нэг загас хочтой Балдан согтуурхан Уянгааг хүчтэй татаж тэврээд бүжиглэхээр чангаана. Уянга “Тэнэг минь болиоч, болиоч” гэж хашхирна. Далай Балдан дээр очоод “Чи боль л доо” гээд Уянгааг татахад Балдан “Яагаад байгаа юм бэ манай найз охиныг? Уянга бид хоёр чинь өнгөрсөн жилийн хавраас хойш байнга уулзаж байгаа ш дээ. Орондоо ч сайн юм байна лээ” гээд инээхэд Уянга “Чам шиг тэнэг юмыг хэн ч тоож унтахгүй. Би Далайтай үерхдэг” гээд Далайг тэврээд авлаа. Балдан маш их уурлан “Муу гичий чинь” гэж Уянгаа руу хэлээд цохих гэхэд Далай гарыг нь бариад авахад Далай руу муухай харснаа нөгөө хэдээ дагуулаад гараад явав. Би тэд нарыг гараад явсны дараа Уянгаа дээр очиж “Зүгээр үү? Яагаад чамайг хоргоогоод байгаа юм бэ?” гэж асуухад Уянга юу ч болоогүй юм шиг “Өнгөрсөн жилийн хавар хэд хэдэн уулзаж байсан юм. Өөр юу ч болоогүй” гэж хэлсэн юм. Диско дуусаж ангийн хөвгүүд гэр ойролцоо байдаг охиддоо гэр гэрт нь хүргэж өгөхөөр болцгоож тал тал тийшээ тарцгаалаа. Соёлын төвөөс Далай Уянга бид гурвын гэр нэг зүгт байдаг болохоор бид гурав хамтдаа явлаа. Манай гэр тэр хоёрынхоос арай наана байдаг болохоор түрүүлээд гэр лүүгээ орсон юм. Гэтэл Далай Уянгааг гэрт нь хүргэж өгөхөөр байшингийнх ойролцоо ирэхэд Балдан болон нутгийн хулигаанууд нилээд согтсон тэднийг хүлээж байв. Тэгээд Далай Уянгаа хоёрыг хараад Балдан “Та хоёр сайхан болзоод ирэв үү?” гээд согтуурхан дайрахад Далай Балданг түлхэж унагаад Уянгааг “Зугтаа” гэж хэлэв. Уянгаа хашаа тойрч зугтаагаад хол очиж чагнахад Далай руу нутгийн хулигаанууд бөөнөөрөө дайрч зодолдож бөөн дуу чимээ гарч байв. Уянгаа сандарч, юу хийхээ мэдэхгүй хэсэг мунгинаснаа манай гэрт ирж намайг дуудаад болсон явдлыг хэллээ. Би сонсмогцоо хар эрчээрээ нөгөө газар нь гүйн очиход нутгийн хулигаанууд аль хэдийнээ ор мөргүй алга болсон Далай харин газар хэвтэж байв. Нулимс минь өөрийн эрхгүй урсан гарч түүнийг тэврэн авч “Далай далай” гэж чангаар дуудахад түүний ухаан нь балартсан байдалтай “ээжид битгий хэлээрэй, ээжид битгий хэлээрэй” гэж дахин дахин давтан хэлнэ. Ардаас Уянгаа амьсгаадан гүйн ирлээ. Далайгийн тархи нь хагараад толгойноос нь их цус гарч байлаа. Бид хоёр яах вэ гэж бодож байгаад Уянгаагийн хуучин амбаарт аваачихаар шийдсэн юм. Тэгээд бид хоёр Далайг тэдний амбаарт нь аваачиж гэрээсээ хөвөн, маарал авчирч Далайгийн толгойг боож цусыг нь тогтоов. Би шөнө Далайг асарч хонож, Уянгаа гэр лүүгээ явсан юм. Далайгийн толгойноос ахиж цус алдах болов уу яах бол, хурдан эдгээсэй гэж бодсоор шөнө цурам хийлгүй хоносон юм. Тэгэхэд би түүнийхээ царайг шөнөжингөө харж байгаадаа зүрх догдлох, бие нь яах бол гэж сэтгэл зовних хоёр бодол ээлжлэн солигдсоор хонож билээ. Далайгийн толгойны цус нь тогтож, шөнөжин унтаж хоносон юм. Тэгээд өглөө болж Уянгаа сэрээд ирэхэд би гэр лүүгээ ээж, эмээ хоёртоо хэлэхээр явж, харин Уянгаа Далайг сахиж үлдсэн юм.*

            Далай нүдээ нээн сэрэхэд орны хажууд Уянгаа ор дэрлэн унтаж байв. Далайгийн ухаан орон гаран байхад нүдэнд нь Үүрээгийн царай сүүмэлзэн харагдаж байсан нь хачирхалтай санагдан бас хаана байгаагаа гайхаж ядна. Далайг хөдлөхөд Уянгаа сэрж “Бие чинь зүгээр үү?” гэж асуув. Далай “толгой л жаахан өвдөж байна. Би хаана байна?” гэж асуухад Уянгаа инээснээ “Чи манай хуучин амбаарт байна.” гээд өчигдөр юу болсон талаар ярьж өгөв. Гэхдээ Үүрийнтуяаг дагуулан ирсэн, Үүрээ Далайг шөнөжин асарсан тухайгаас бусдыг ярьж өгөв. Далай “Чи намайг шөнөжин асарсан юм уу?” гэж асуухад Уянгаа жаахан бодолхийлснээ ”Тиймээ” гэж хариулав.

            *Далайгийн бие хурдан эдгэрч, бид нар сургуулиа төгсөөд их амьдралын замд гарах мөч улам ойртсоор. Далай тэр явдлаас хойш Уянгаатай илүү дотно болсон мэт надад санагдаж тэр хоёрыг хардах сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ. Хонхны баяр, улсын шалгалтууд өнгөрч, конкурс ч болж өндөрлөлөө. Конкурсны дүнгээ сонсоход би аймагтаа 1-р байранд, Далай 2-р байранд, Уянгаа 3-р байранд орсон байлаа. Бид гурав өмнө нь хамтдаа МУИС-д сурна гэж ярьдаг байсан болохоор МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийг сонгохоор аль эрт шийдсэн байсан юм. Гэвч МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн хуваарь манай аймагт 2 ширхэг ирсэн болохоор Далай бид хоёр авсан юм. Уянгаа МУИС-ийн Математикийн Сургуулийн хуваарийг сонгосон юм. Би хайртай хүнтэйгээ хотод очиж нэг сургуульд хамтдаа сурна гэж бодохоор надад яг л мөрөөдөл минь биелж байгаа шиг санагдаж, энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болсон байлаа. Гэрээсээ, эмээгээсээ ээжээсээ холдоно гэхээр хэцүү санагдах ч үргэлж очихыг хүсдэг байсан улсынхаа нийслэл Улаанбаатар хотод очиж үзэхсэн мөн Далайтайгаа хамтдаа байна гэж бодохоор бушуухан 9 сар болж хичээл хурдан ороосой гэж бодогдоно.         

            Усны шувууд далайд чуулаад, хорвоо ертөнц нов ногоон хивсээ дэвсэж өнгө өнгийн цэцэгс алаглан ургах зун цаг манай нутгийн хамгийн сайхан улирал. Энэ жил урьд урьдын жилүүдээс илүү халуун жил болж Хөвсгөл далайнхаа хөвөөнд зуны өдрүүдийг ангийнхантайгаа өнгөрүүлж, ойгоор зугаалаад л, Далайтайгаа уулзаад л гэрийнхнийгээ сөхөөрөх завгүй аз жаргал, хайрандаа умбаж явахад нэг л мэдэхэд 8 сар гарч хичээл орох дөхсөн байлаа. Энэ их халуунд манай эмээгийн даралт ихсэн бие нь муудаж, ээж минь эмээг асраад их ядарч бие нь сульдсан байв. Ингээд би ээж, эмээ хоёроо асарч энэ хоёр маань намайг хот явчихаар яах бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж эхэлсэн юм. Нэгэн өдөр би Далайтай уулзахаар Далайгийн гэрт ирэхэд Далай ээжтэйгээ ярьж байгаа яриа нь сонсогдов. Далайгийн ээж Дулмаа эгч “Миний хүү Үүрийнтуяатай битгий уулзаж бай, хамт сургуульд сурсан ч битгий дотносоорой. Тэднийх гэж эр хүн тогтдоггүй айл байдаг юм шүү” гэж хэлэх нь сонсогдов. Энэ үгийг сонсоод үргэлж мөрөөдөж төсөөлж явдаг миний мөрөөдөл, миний амьдралын утга учир замхран алга болох шиг болж би тэднийхээс хар хурдаараа гүйн гарч нуурын эрэгт очиж уйлаад л байж билээ. Яг тэр үед л би ээж, эмээ хоёроо асарч, хот руу сургуульд явахгүй байхаар шийдсэн юм...

            Хүйтэн салхи үлээхэд нуурын жавар тачигнах 11-р сар. Эмээ минь бурхны оронд заларч ижийтэйгээ хорвоо дээр хоёлхнаа үлдлээ. Уянга миний хуваарийг авч Далай тэр хоёр сургуульд хамт суралцахаар хот явсан юм. Ангийн бусад хүүхдүүд ч бас их амьдралын замдаа гарч тал тал тийш таран явцгаасан байлаа. Миний сэтгэл маш их шаналж, ганцаардан гуниглана. Уянгаа, Далай хоёр луугаа л захиа бичиж бага зэрэг тайвширч, тэднээс захиа ирээсэй гэж зүрх догдлон хүлээнэ.

            /Сайн байна уу? Миний хоёр найзын хичээл ном өндөр үү? Хотод хэр дасаж байна даа? Хоёр найзыгаа маш их санаж байна. Ангийн бусад хүүхдүүдтэйгээ уулзаж байгаа биз дээ? Би та хоёр луугаа байнга захиа бичиж байна. Далай юу хийж байна даа? Далайгийн шуудангийн хаягийг над руу илгээгээрэй. Эмээ минь саяхан бурхан болсон. Би гайгүй ээ, ээжид л хэцүү байна. Энд хүйтэрч өвөл болж эхэлж байна. Хот ямар байна? Хүйтэн үү? Та хоёр хотод авахуулсан зургаа захиандаа явуулаарай./ гэх зэргээр бараг өдөр бүр захиа бичиж байлаа. Харин тэр хоёроос захиа ирэхгүй удаж байгаад нэг удаа Уянгаагаас захиа ирэхэд би маш их баярласан юм.

/Сайн уу? Миний найз юу хийж байна даа? Чамайг би ч бас маш их санаж байна. Бид хоёр хичээлдээ яваад л байж байна. Бид хоёр сургуулийнхаа оюутны дотуур байранд хамт байгаа. Хичээл ихтэй болохоор захиа бичих зав бараг гарахгүй юм. Чи Далай руу миний хаягаар захиа явуулж бай. Би Далайд өгч байя. Чиний илгээсэн захиаг бид хоёр дандаа хамтдаа уншдаг шүү. Дараа захиа бичнэ./   гэсэн захиа ирсэн юм.

            Эмээ өнгөрөөд 5 сар боллоо. Ээжийн минь ч сэтгэл санаа тайвширч, бие нь сайжирсан юм. Би өдөр болгон Далайг бодоод, шөнө нь зүүдлээд яг галзуурах шахаж байлаа. Чамдаа бүх үнэн сэтгэлээ илчилж, чамд ямар их хайртайгаа хэлмээр, чамдаа очоод чанга тэвэрмээр санагдаж, нэг болохоор захиа бичээд, нэг болохоор захиагаа урж хаясаар цаасаар гэрээ дүүргэж байлаа. Харин Далайгаас захиа нэг ч ирсэнгүй. Уянгаа сард нэг захиа явуулдаг байсан боловч сүүлийн хоёр сар Уянгаагаас захиа ирсэнгүй. Би миний хоёр найз хичээл ихтэй завгүй байгаа юм байна даа гэж бодож би захиагаа бичсээр байлаа...

            Хорвоо дэлхий муухай аашлах үедээ аашилж, сайхан зан гаргах үедээ гаргасаар цаг улирал солигдон халуун зуны улирал ирлээ. Хичээл сургуулиуд тарж, хот руу явсан оюутнууд буцаж ирж байлаа. Би Далайгаа харна, Далайтайгаа уулзана гэж бодохоор түүнийг хэзээ ирэхийг мэдэхгүй ч ирэх мөчийг нь тэсэн ядан хүлээнэ. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр Далай энэ зун ирээгүй бөгөөд хотод амралтаараа ажил хийж байгааг нь ээжээс нь сонслоо. Уянгагийн гэрийнхэн өнгөрсөн хавар хот руу шилжихээр явсан учраас Уянгаа ч ирсэнгүй, Ингээд тэдэнтэйгээ уулзахыг хүссэн хүсэл  минь ийнхүү хойшилсон юм.

            Би дахин конкурс өгч, тэр намар хотод сургуульд сурахаар болсон юм. Урьдын адил маш их догдолж, явах өдрөө хоног тоолон хүлээнэ. Тэгээд би тэр хоёрт мэдэгдэлгүй гэнэт очихоор шийдэж, олон машинууд сүлжилдэн, бум бужигнаж түм түжигнэсэн их хотод ирээд маш их сүрдэж билээ. Захиа бичдэг хаягаар нь Уянгын гэрийг олж түүнтэй уулзахад бид хоёр олон жил уулзалдаагүй байж байгаад уулзсан эгч дүү хоёр шиг л бие биенээ санан салж хагацаж үл чадан түүнтэй ярилцсаар нэг мэдэхэд үүр цайлгасан байлаа. Би тэр шөнө Уянгаагаас Далайгийн талаар асуухад Уянгаа “Далай бид хоёр бие биендээ хайртай. Бид хамт амьдрах гэж байгаа. Чи түүнд сайн байсныг би мэднэ. Гэхдээ Далай чамд дургүй, аав нь чиний ааваас болж нас барсан гэж бодож явдаг” гэж хэлсэн юм. Энэ үгийг сонсоод үүлгүй тэнгэрээс аянга цахилах шиг болсон ч итгэж чадахгүй л байлаа. Удалгүй хичээл орж би гэдэг хүн шинэ оюутан болж хэсэг завгүй явснаа нэгэн өдөр тэдний сургууль дээр очиж Далайгаа харж, түүнтэй уулзахаар шийдсэн юм. Олон оюутан залуус завтай, завгүй тал тал тийш холхилдон бужигнах сургуулиас Далайг олж уулзах өвсөн дундаас зүү хайх мэт хэцүү санагдана. Ийнхүү мунгинаж явж байтал Уянгаатай тааралдав. Уянгаад Далай та хоёртой уулзахаар ирснээ хэлэхэд Уянгаа уурлаж “Далай чамтай уулзахыг хүсэхгүй байгаа. Чи яв” гэж хэлэв. Ийнхүү бид хоёр ярилцаж байтал гэнэт Уянгаа надаас холдлоо. Түүнийг харвал тэр цаанаас ирж явсан Далай дээр очоод шууд Далайг үнсэж, тэр хоёр тэврэлдэж цаашаа яваад өгөв. Үүнийг хараад миний нулимс хэнд ч захирагдахыг хүсэхгүй урссаар л байлаа...*                      

            Далай 9-р ангийн хавар уулзсан уулзалтаас хойш Үүрээтэй хоёлхнаа уулзахыг, хамт байхыг хүсдэг ч тэр хоёрын хажууд байнга Уянгаа хамт байдаг байлаа. Харин 10-р ангид тархиа хагалуулаад ухаангүй байхад шөнөжин асарч хоносон хүн нь Уянгааг гэж ойлгож түүнд нь уяран, түүнд талархах, баярлах сэтгэл үргэлж төрж, түүнийг гомдоож болохгүй гэж боддог байлаа. Гэвч талархах сэтгэл, догдлон тэмүүлэх сэтгэл хоёр эрс ялгаатай болохоор Үүрээг оюутан болсон цагаасаа их санаж хичээлийнхээ хажуугаар захиа бичдэг байлаа. Анх Үүрээгээс Уянгаад захиа ирэхэд хамт уншсан цагаас бичсэн захиагаа Уянгаад өгч Уянгаа Үүрээ рүү явуулдаг байсан боловч Үүрээгээс захиа огт ирэхгүй, сүүлд Үүрээг хүнтэй суусан гэсэн худал мэдээ сонссон болохоор Үүрээг мартахаар шийдсэн байв. Тэр өдөр Далай урьдын адил хичээл орохоо дөхүүлээд сургууль дээрээ ирээд коридороор алхаж явтал Уянгаа ирээд шууд үнсээд авсанд их гайхаж “яаж байгаа юм?” гэтэл Уянгаа “намайг нэг тэнэг юм хоргоогоод байна. Чамтай үерхдэг гээд хэлчихсэн. Чи намайг тэврээд алхаарай” гэж хэллээ. Уянгаа царай зүс сайтай, эрэгтэй хүмүүстэй хурдан ойлголцдог болохоор олон залуус түүний араас гүйж, олон хүнийг ч Далайтай үерхдэг гэж өөрөөсөө холдуулж, гомдоож байсан болохоор Далай урьдын л адил нэг залууг өөрөөсөө холдуулж байгаа юм байна гэж бодож Уянгааг тэврэн алхаж явахдаа хэний зүрхийг эмтлэн зүсэж байгаагаа мэдээгүй байсан юм...   

            Эргэх дөрвөн улирал ээлжлэн солигдсоор хотод ирж суралцаад дөрвөн жилийг өнгөрүүлж, сургуулиа төгсөөд ажил мэргэжлийн замдаа гараад 2 жилийн нүүр үзжээ. Далай их сургуульд суралцахдаа ангидаа болон сургуульдаа нэр хүндтэй байж олон найз, түмэн танилтай болсон байлаа. Далай их сургуулийн хэдэн нөхөдтэйгөө нийлж компани байгуулан барилгын бараа материалын бизнес эрхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Далай хар багаасаа хамтдаа байгаа Уянгаатай амьдраад 3 жил болсон байлаа. Далай өрхийн тэргүүний хувьд гэр орноо бүтээн босгох, хэнээс ч дутахгүй хангалуун амьдрахын төлөө унтах нойр, идэх хоолоо хугаслан борви бохисхийлгүй зүтгэж харин Уянгаа төгссөнөөсөө хойш огт ажил хийлгүй гэртээ байдаг байлаа... Энэ хугацаанд тэр хоёр хүүхэдтэй болоогүй бөгөөд Далай ажилдаа анхаарлаа илүү хандуулж, Уянгаад бага халамж тавьдаг байсан ч  чадлынхаа хэрээр бүхнийг зохицуулахыг хичээдэг байлаа. Уянгаад Далай тэр хоёрын энэ амьдрал нь үргэлж хангалтгүй санагдаж, байнга уулзаж дэлгүүр хэсдэг их сургуулийн ангийн баян айлын ганган охидын амьдралд атаархаж явдаг юмсанжээ. Нэгэн удаа нэгэн томоохон компаний оффисийн барилгын ажлыг гүйцэтгэх тендерт ялах зорилготой тухайн компаний захирал 50 орчим насны нэгэн эрхэмтэй Далай нөхөдтэйгөө нийлэн уулзаж байхад Уянгаа санаандгүй ирж Далайтай уулзаад хамт уулзалтанд нь оролцоход нөгөө эрхэм Уянгааг их сонирхож байсан бөгөөд удалгүй тэдний компани тус тендерт ялсан ажээ.

Далай нэгэн өдөр бусад өдрүүдийг бодвол ажил багатай байсан болохоор гэртээ эртхэн харихаар шийдэж замдаа Уянгаатайгаа кино үзэх үү, хошин шогийн тоглолт үзэх үү гэж төлөвлөн ойрд бэлэглээгүй байсан цэцэг бэлэглэхээр замаараа цэцгийн дэлгүүр орж цэцэг аваад гэртээ ирлээ. Гэтэл хаалгаа түлхүүрээрээ онгойлгож гэртээ ороод Далай нүдэндээ ч итгэсэнгүй. Уянгаа нь нөгөө том компани захиралтай өөрсдийн унтдаг орон дээрээ завхайрч байлаа...

            *Далай, Уянгаа хоёрыг хараад миний зүрх зогсох шиг болж, үхмээр санагдаж билээ. Гэсэн ч хүн жаргал даадаггүй, зовлон даадаг гэдэг үг байдагчлан тэр өдрөөс хойш 5 жил өнгөрчээ. Далай Уянгаа хоёрын талаар бодохоор заримдаа гомдох хорсох сэтгэл төрдөг ч хормын төдийд энэ бодол минь замхарч тэр хоёрт аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсдэг байлаа. Би хотод сурах сургуулиа Хөвсгөлийн багшийн коллежоор сольж багш мэргэжилтэй төгсөөд одоо нутгийнхаа сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Би Далайг мартъя гэж хичнээн хичээсэн ч мартаж чадахгүй л байлаа. Багшийн сургуулийн болон нутгийн олон залуус надтай хамт байхыг хүссэн ч нэг нь ч Далайг орлож чадахгүй, Далайтай зүйрлэж боломгүй мэт санагдаж өнөөг хүртэл хүнтэй дотноссонгүй. Заримдаа хэзээ ч хүнтэй суухгүй юм шиг санагддаг байлаа.

Цагаан мөнгөн далай нь харлан хайлж манай нутгийн хавар ирлээ. Хавар болоход сургуулийн бэлтгэл анги хичээллэж би завгүй болдог юм. Энэ нь миний Далайг санан мөрөөдөх бодлоос минь түрхэн зуур ч гэсэн холдуулдаг байлаа. Эрдэм номын өргөөг анхлан орж байгаа бэлтгэл ангийн хүүхдүүд надад зарим нь ээждээ эрхэлдэг шигээ эрхэлнэ, эгч шигээ энхрийлнэ. Хавар шувтарч зун хаяанд ирж өдөртөө зун шиг халуун боловч оройдоо хаврын хавирга нэвтлэм хүйтэн салхи салхилах өдрүүд үргэлжилнэ. Тэр нэгэн өдөр хэзээ нэгэн цагт тийм зүйл болоосой гэж би дотроо битүүхэндээ мөрөөддөг ч хэзээ ч болохгүй гэдэгт би итгэдэг байсан зүйл болсон юм...

 Бусад өдрийн л адил хичээлээ тараад гадаа хүүхдүүдийнхээ эцэг эхийг хүлээн, хүүхдүүдтэйгээ хөгжилдөн тоглоно. Миний зүрх яагаад ч юм мэдэхгүй хурдан цохилоод, хэн нэгэн намайг хараад байгаа юм шиг мэдрэмж төрөөд ойр тойрноо сайн ажиглан харвал надтай уулзах уу яах уу гэсэн эргэлзсэн байдалтай намайг хараагүй гэж бодсон юм шиг тэр минь сургуулийн хашааны гадна газар ширтэн хоёр тийшээ алхангаа байн байн миний зүг харна. Би түүнийг хараад өөрөө ч мэдэлгүй түүний зүг чиглэн очиход тэр намайг харсныг мэдээд сандарсан байдалтай өөдөөс чиглэн ирлээ. Энэ үед миний дотор түүнийгээ хараад баярлах нэгэн бодол төрж байхад түүнийг мартаж ядан байх сэтгэлийг минь сэдрээгээд улам шаналах мэт нэгэн бодол бороо орохыг  зөгнөх мэт хүчтэй салхинд сэмжин үүлнүүд хурдан хурдан нүүн солигддог шиг ээлжлэн бодогдоно. Тэгээд бид хоёр бие биентэйгээ мэндлээд би юу хийж байгааг нь? хэзээ ирснийг нь асуухад Далай “Ирээд 2 хонож байна. Энд амрахаар ирсэн” гэж бага зэрэг бодлогошрон хэллээ. Уянгаа хамт ирсэн эсэхийг асуухад Далай хэсэг түгдэрснээ “Уянгаа ирээгүй ээ, хотод үлдсэн” гэж хариуллаа. Тэгснээ “Чамайг энд багшилдагийг дүүгээсээ сонсоод ирлээ. Гэрийнхэн чинь сайн уу?” гэж асуухад би “Сайн байгаа” гэж хариулаад “Уянгаа сайн уу? Та хоёрт баяр хүргэе” гэж хэлэхэд Далай сандрангуй яриаг өөрчилж “Уянгаа сайн байгаа. Манай ангийнхнаас энд хэн хэн байна?” гэж асуулаа. Ингээд бид хоёр нутагтаа байгаа ангийнхан, бага нас, арван жилийнхээ дурсамжуудынхаа талаар ярилцаж алхана. Бага нас, 10 жилийнхээ дурсамжуудын тухай ярианд Уянгаагийн тухай ярих бүрт Далайгийн хувьд хичнээн зовлонтой, хэцүү байгааг би тэр үед яахан мэдэх билээ. Ярилцаад нэг л мэдэхэд нар жаргах дөхсөн байлаа. Би түүнээс хэзээ хот явахыг нь асуухад “Сар болох байхаа” гэж хариулаад бид хоёр гэр гэрийн зүг саллаа.

Энэ өдрөөс хойш Далай миний ажлыг тарахад хүүхдээ бэлтгэлээс тарахыг хүлээж байгаа эцэг эхчүүд шиг хүлээж байдаг байлаа. Нэгэн өдөр хичээл тараад урьдын адил Далай ирчихсэн бид хоёр уулзаж байхад манай бэлтгэл ангийн Саруул, Тэнгис хоёр ирээд Саруул инээснээ “Багшаа энэ ах таны нөхөр үү?” гэж асуухад Далай бид хоёрын өөрийн эрхгүй инээд хүрэн би “Үгүй ээ, Тэнгис та хоёр шиг л эрэгтэй эмэгтэй багын найзууд байхгүй юу” гэж хариулахад Саруул “Аан” гэж хэлснээ нилээд бодсоноо “Багшаа би тань шиг эрэгтэй найзтай юм чинь би том болоод тань шиг багш болно гэсэн үг үү?” гэж хүүхдийн нэгэн томоогүй бодлоор асуулаа. Далай үүнийг сонсоод улам их инээд нь хүрнэ. Миний ч бас инээд хүрч “Тийм ээ” гэж үгийг нь дагаад хариуллаа. Тэгээд Саруул, Тэнгис хоёр цаашаа гүйж “Гоё доо, би том болоод багш шиг гоё багш болно” гэж Саруул хүн бүхэнд чанга сонсогдохоор бахархан дэгдэн гүйнэ.

Удалгүй зуны эхэн сар гарч бэлтгэл ангийн хичээл тарлаа. Далайг Уянгаагийн талаар бараг юм ярихгүй, түүний талаар ярихаар бодлогошрон дуугүй болчихдог болохоор нь би тэр хоёрыг хоорондоо муудалцаад Далай энд ирснийг нь би гадарлалаа тэгээд ч Далай уулзахаараа ангийн Баяраа, Тулгаа, Чимгээ нарыг байнга дуудаж бид хоёр хоёлхнаа байх боломж тэр бүр гардаггүй байлаа. Бид тав нийлж зуны халуун өдөр загасанд явж, түүдэг гал тойрон дуулж хуурдан хононо. Гэвч энэ жил бороотой жил болж тэнгэр байсхийгээд л хураа буулгана.

Нэгэн нартай өдрийг тохиолдуулж Далай бид хоёр моторт завиар Хөвсгөл далайгаар аяллаа. Нар дээрээс ихээр шарж халууцах хэдий ч нуурын сэрүүн агаар бид хоёрыг сэрүүцүүлж, бид хоёр олон жил жижиг горхины усанд амьдарч байгаад том нуур далайд ирж амьдарч байгаа загас шиг л энд тэндгүй сэлгүүцэн тойрно. Зах нь үл харагдах нуурын ус хоёр тийшээ хөөсрөн салаалуулж, хар эрчээрээ хурдлах энэ моторт завин дээр бид хоёр тэнгэрт дүүлэн нисэх хос шувууд шиг л аз жаргалтай... Нүдэндээ ч итгэмгүй зүүд мэт нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Би түүнийг мартаж ядах сэтгэл минь ор мөргүй алга болж түүнд би улам дасаж улам ихээр хайрлах боллоо. Тэр эхнэртэй хүн, түүний амьдрал хотод хүлээж байгаа, түүнтэй уулзахгүй байя гэх зэргээр олон зүйлийг бодох ч сэтгэл зүрх минь толгойгоо захирна. Далай бид хоёрын хоорондох хий хөндий хана нимгэрсээр л, улам дотноссоор байлаа. Түүнийг яваад өгвөл яана, буцаад л шанална даа гэсэн бодол төрөвч түүнийгээ аз жаргалтай байвал миний зовж шаналах хамаагүй мэт санагдана.

Нэгэн намуухан орой Далай намайг нуурын эрэг дээр аваачлаа. Тэгээд гэрэл асааж, тэндээ бэлдээд нуусан байсан дарс, хоёр хундага гарган ирж виногоо задлаад хундагалаж бид хоёр тулгаж уулаа. Удалгүй Далай нэгэн хөгжим гаргаж ирж дуу тавиад намайг бүжгэнд урин бид хоёр нуурын хөвөөнд бүжиглэнэ. Түүнтэйгээ ингэж байгаа минь яг л үлгэрт гардаг ханхүү, гүнж хоёр мэт санагдаж байлаа. Тэр өдөр би түүнд бүх зүрх сэтгэлээ даатгасан байлаа. Эхний дуу дуусаж дараагийн дуу эхэлнэ. Бүх зүйлийг нарийн тооцоолсон мэт уянгын намуун, хайрын дуу, аяс ээлж дарааллан аялгуулна. Ингэж бид хоёр шөнөжин нуурын эрэгт тэврэлдэн бүжиглэж үлгэр мэт нэг үдшийг өнгөрүүллээ. Маргааш нь би Уянгаад буруу зүйл хийснээ гэж бодогдон өөрийгөө зүхэвч Уянгагийн амталдаг аз жаргалын хэсгээс нь ч болов амталсандаа баярлаж өөрийгөө өмөөрөх бодол эрхгүй төрнө.

Далай бид нар хүүхэд байхдаа гэр бүлээрээ аялж жимсэнд явдаг байсан газар луугаа явахаар ярилцсан байсан боловч бороо орсоор явж чадахгүй байсаар нэгэн нартай өглөө ангийн бусад нөхөдтэйгөө зургуулаа морьтой мордсон юм. Замдаа идэж уух хоол хүнс, хувцсаа аваад аян замдаа гарлаа. Зуны аагим халуун эхлэхээс өмнө өтгөн ойн жимээр бид нар морьтойгоо цувран шогшино. Өчигдрийн борооны ус наранд хатаж амжаагүй байхад алтан нарны туяанд газар дэлхийн ургамал бүхэн мөнгөн туяа цацруулах зуны ойн өглөө үнэхээр үзэсгэлэнтэй. Багадаа гэр бүлээрээ олон удаа явж байсан газраараа явахад хүүхэд насны дурсамж өөрийн эрхгүй сэргэнэ. Замдаа нэгэн үеийн бид хөгжилдөн ярилцаж явлаа. Тэгээд зорьсон газраа ирж жимсээ түүнэ. Энэ газар манай сумын төвөөс нилээн зайтай хөвчийн ойн гүнд байдаг аглаг зэлүүд газар юм. Гэтэл өглөөний нарыг наранд бүү тооц гэдэгчлэн үд өнгөрөхөд тэнгэр үүлшиж, бороо орох шинжтэй болж эхэллээ. Энэ жил нэг бороо орвол зогсохоо мэдэхгүй орж байгаа болохоор хамт явсан хүмүүс маань буцахаар шийдсэн байлаа. Гэвч жимсээ түүж бусдаасаа холдсон байсан Далай бид хоёрыг мэдээгүй байхад тэд нар бид хоёрт хэлэлгүй албаар орхиод явсан байлаа. Удалгүй бороо дусаж эхлэхэд Далай бид хоёр буудалласан байсан газраа ирэхэд нөгөө хэд маань бид хоёрын морь, жаахан хоол хүнс үлдээгээд борооноос зугтаж ум хумгүй алга болсон байлаа. Бид хоёр яаравчлан мориндоо мордож араас нь явсан ч бороо хэт ширүүн орж эхэлсэн болохоор борооноос хорогдох газар хайтал нутгийн анчдын буудалладаг ойн эзгүй байшин харагдаж бид хоёр морио уяад тэр байшинд хорогдлоо. Оройн сэрүүнд нэвт норсон бид хоёр даарч чичирч Далай гал асаалаа. Түрүүхэн даараад хоорондоо юу ч дуугаралгүй чичирч байсан бид хоёр дулаацаж гэнэт сэхээ орсон юм шиг бие биен лүүгээ харан бие биенээ шоолж инээлээ. Тэгээд өөрсдийн түүсэн жимсээ үлдсэн жаахан хүнстэй идэнгээ орхиж явсан хэдээ муулж ч нэг ярин, сайлж ч нэг ярьж инээлдэнэ. Ингээд гал ширтэн оройжин бид хоёр элдэв хөгжилтэй зүйлүүд ярилцан инээлдэн, хааяа нэг Далай гарч морьдоо харж, түлээ оруулж ирнэ. Далай байшингийн эд хогшлыг удалж байгаад анчдын орхиж явсан нэгэн орос шарз олоод бид хоёр хувааж ууна. Шарзандаа халсан бололтой бид хоёрын яриа гүнзгийрч өөрсдийнхөө талаар ярилцаж эхэллээ. Далай намайг 9-р ангийн хаврын уулзалтнаас өмнө зүгээр жирийн найзыгаа гэж боддог бас хүндэлдэг байснаа хэлж тэр уулзалтаас хойш намайг өөрөөр боддог болсон, тэрнээс хойш боддог болсноо хэлсэн юм. Үүнийг сонсоод би их баярласан яагаад гэвэл тэр л өдөр би түүнд ухаангүй хайртайгаа мэдэрсэн болохоор надтай ижил мэт санагдаж байв. Би ч үнэнээ хэлэлгүй бас л тэр өдрөөс чамайг эрэгтэй хүнээр хардаг болсон гэж худлаа бөгөөд тоглоом болгож хэлэв. Ингээд бид хоёр бие биенээ эхлэхийг хүлээж байсан юм шиг үнсэлцэж тэр шөнийг бие биендээ бүрэн зориулж өнгөрүүллээ... Маргааш өглөө нь урд шөнийн хүчтэй аадар бороо ор сураггүй алга болсон мэт гэрэлт наран бид хоёрыг өлгийдөн угтлаа.

Би хэд хоног тэр шөнийн явдлыг бодоод буруу зүйл хийгээд түүнийгээ нуугаад үнэнээ хэлэхийг хүсэвч зориг нь хүрэхгүй хүүхэд шиг санагдан Далайтай огт уулзсангүй. Уянгааг бодохоор өөрийгөө буруутгах сэтгэл төрж, тэр хоёрын амьдралыг үгүй хийж байгаа мэт бодол төрөөд шөнө ч олигтой унтаж чадалгүй хэд хонолоо. Хөх тэнгэр миний нүгэл, гэмшсэн бодлыг минь мэдсэн юм шиг хэд хоног тасралтгүй бороо орууллаа. Ингээд би Далайтай уулзаж ахиж уулзахгүй байя гэж хэлэхээр шийдсэн байв. Далай ч надтай уулзах гэж хэдэн удаа ирээд уулзаж чадалгүй буцсан юм. Далай бид хоёр нэгэн бороотой өдөр уулзлаа. Далай намайг тэврэх гэхэд нь би хориглоход инээснээ хот руу буцах болсноо хэлж надтай хамт явахыг хүслээ. Тэгэж хэлэхэд нь би “Уянгаа та хоёр миний багын, хэнээр ч юугаар ч сольшгүй хамгийн сайн найзууд. Та хоёр гэр бүл болсонд би баярладаг. Би та хоёртойгоо насан туршдаа найзлахыг хүсдэг. Гэвч чи бид хоёр Уянгаад маш том нүгэл хийсэн. Би одоо Уянгаагийн царайг хэзээ ч харж чадахааргүй болсон. Бид хоёр энэ хэвээрээ байвал би дотроо өөрийгөө хараан зүхэж, зовж шаналсаар л байх юм шиг байна. Хоёулаа ахиж уулзахгүй байя” гэж гэмшсэн сэтгэлээ илчлэхэд Далай бага зэрэг дүрсхийснээ “Уянгаа бид хоёр салсан. Одоо Уянгаа надад ямар ч хамаагүй болсон. Би ганцхан чамд л хайртай” гэж хэллээ. Би энэ үгийг сонсоод гайхах, эргэлзэх хоёр бодол зэрэгцэн “Чи яаж ингэж хэлж чадаж байнаа? Та хоёр салсан гэдэгт чинь би итгэхгүй байна. Уянгаа чамд хичнээн их хайртайгаа надад хэлж байсан. Надаас болж та хоёр салж би хоёр найзаасаа хагацахыг би хүсэхгүй байна. Би өөрийгөө үзэн ядаж байхад чи Уянгааг огт бодолгүй ийм зүйл хэлж болохгүй. Би чамтай хот явахгүй, хоёулаа ахиж уулзахгүй байя тэгэх үү” гэж нулимс цийлэгнүүлэн хэлээд эргээд явах гэтэл Далай түр бодолхийлэн зогссоноо гараас татаж “Чиний тэр сайн найз Уянгаа чинь намайг хуурсан. Миний нүдэн дээр, миний хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж байж авсан орон дээр өөр хүнтэй завхайрч байсан. Би түүнийг юугаар ч дутаагаагүй гэтэл энэ бүхэн түүнд хангалтгүй санагддаг байсан байна лээ. Би насан туршдаа та хоёрт итгэж хүндэлж ирсэн. Чи ч бас тэрнээс өөрцгүй надаас нүүрээ бууруулж байгаа юм уу? Надад чи ч, ер нь хэн ч хэрэггүй” гэж чанга хэлээд надаас түрүүлээд яваад өгсөн юм.   

Миний толгойноос Далайгийн хэлсэн үг нь хэд хоног огт гарсангүй. Түүний хэлсэн үг итгэхийн аргагүй, байж боломгүй мэт санагдавч Далай худлаа хэлээгүй нь түүний нүднээс илхэн байсан юм. Далайгийн дотроо ийм их шаналж зовж байсныг мэдрээгүйдээ өөрийгөө буруутган, байж ядна. Түүнийгээ ойлгоогүй, түүндээ ямар их хайртайгаа ойлгуулж мэдрүүлж чадаагүйдээ дэмий л өөрийгөө хараан зүхнэ. Тийнхүү уулзсанаас хойш 4 хоногийн дараа урдын л адил зөөлөн бороо зүсрэн шивэрсэн өдөр ангийн Чимгээ манайд ирж надтай уулзаад  Далайг яг одоо явах гэж байгаа тухай хэллээ. Энэ үгийг сонсоод миний зүрх зогсох шиг болж, түүн дээрээ очоод түүндээ ямар их хайртайгаа хэлэхсэн, үргэлж хамт байхсан гэсэн бодож түүн дээрээ очоод “битгий яваач” гэж хэлэхийг хүсэвч түүнийгээ гомдоож уурлуулсан болохоор өөрийгөө уучилж чадахгүй, өөрийгөө харааж очихоос зүрхшээх бодол ч төрнө. Гэвч түүнийгээ хоёр дахиа алдвал би амьдарч чадахгүй. Хувцсаа солиод хар эрчээрээ гүйсээр шуудан дээр очтол түүний минь суусан машин аль хэдийн хөдөлсөн байлаа...*

Далай тэр өдрөөс хойш Үүрээгийн талаар бодохыг ч хүсэхгүй байсан ч түүнтэй өнгөрүүлсэн хэзээ ч мартагдашгүй аз жаргалтай мөчүүд нь Үүрээг өөрийн эрхгүй бодогдуулсаар л байлаа. Ингээд явах өдөр ч болж хувцас энэ тэр зүйлсээ баглаж бэлтгээд явах машиндаа түрүүлж ирээд ачаад, хамт явах хүмүүсээ ирэхийг хүлээнэ. Баяраа, Тулгаа хоёр ирж түүнтэй салах ёс хийсэн байна. Тэр хоёрыг явсны дараа Далай явах машиндаа явахаа хүлээж сууна. Гэтэл түүнд ямар нэг зүйлээ мартсан юм шиг мэдрэмж төрж, сэтгэлд нь эзгүйрч хоосон орон зайгаар дүүрсэн юм шиг санагдаж байлаа. Далай Үүрээг ирж гаргаж өгөх болов уу гэж битүүхэн горьдсоор цонхоор байн байн харна. Хамт явах хүмүүс нь цувран ирсээр явах мөч ойртох тусам түүнд Үүрээтэйгээ өнгөрүүлсэн өдрүүд, дурсамжууд нь өөрийн эрхгүй бодогдож эхэлнэ.

/ “Freezone – Бороотой зуны дурсамж” дуу ард нь эгшиглэнэ. /

Ингээд хүмүүс нь бүгд цугларч машин алсын замдаа гарахаар хөдөллөө. Далайгийн дотор явахыг хүсэхгүй байгаа ч явахаас өөр замгүй болсон мэт санагдавч Үүрээтэйгээ хамт байх хүсэл нь машин урагшлах тусам улам нэмэгдэнэ. Гэтэл машин шуудангийн урдаас нилээн холдсоны хойно Үүрээ нь гүйн ирж байхыг хараад Далай машиныг зогсоож, буугаад хар хурдаараа Үүрээ рүү гүйн очиж хамаг хүчээрээ тэврэн авлаа...

            *Энэ явдлаас хойш 2 жилийн дараа Далай бид хоёр хөөрхөн охинтой боллоо. Далай бид хоёр хүүтэй болохыг хүсэж, эмч нар ч эрэгтэй хүүхэд байна гэж байсан ч охин хүүхэд төрсөн юм. Охин минь бид хоёрын аз жаргал, баяр баясгалан минь болсон юм. Далай ажлаа тараад бушуухан гэртээ ирнэ, бид хоёр охиноо харж, түүнтэйгээ тоглож, булбарай үрийнхээ унтахыг нь харах бид хоёрт энэ хорвоогийн хамгийн их аз жаргал байлаа. Гэвч би охиноо төрснөөс хойш муу совин татаж, манай гэр бүлд хүрсэн хараал биелэх вий, Далай минь байхгүй болбол би яана гэсэн аймшигт бодол өөрийн эрхгүй төрж эхэлсэн юм. Хэрвээ тэр минь үхвэл би зовлон шаналлаа тэвчиж чадахгүй, мөн хамгийн гол нь миний бага насны хагацал гунигийг охин минь ч бас эдэлнэ, охин минь том болоод хайртай хүнээсээ ч мөн хагацаж охин минь зовж шанална гэж бодохоос миний зүрх үргэлжийн мөнхийн айдаст автан шаналдаг байлаа. Гэвч энэ айдсаа тэр хоёртоо мэдэгдүүлэхийг үл хүснэ. Хэрвээ үхэл зовлон хэлж ирдэг байсан бол би түүнийхээ төлөө амь нас, байгаа бүхнээ зориулахад бэлэн байна. Даанч хийсч ирэх юм даа

Охин минь 2 нас хүрлээ. Өвлийн дунд сар талдаа орж ес эхлэх дөхсөн тэр нэгэн өдөр Далайгийн ээж Хөвсгөлд бие нь муудсаныг Далайгийн дүү Тэнгис утсаар хэллээ. Ингээд Далай бид хоёр үүнийг сонсоод, Далай ажлаа зохицуулаад яаравчлан нутаг руу явахаар шийдэж, охиноо ээжид үлдээгээд орой замдаа гарлаа.*

Далай Үүрээ хоёр замаараа замдаа хэрэглэх болон Хөвсгөл авч явах юмсаа бэлдэхээр супермаркет орсон юм. Гэтэл тэнд тэр хоёр Уянгаатай тааралдлаа. Уянгаа согтуу байсан бөгөөд тэр хоёрыг хараад “Миний багын хоёр найз, аз жаргалтай хосууд явж байх шив.” гээд инээхэд Далай уурлаж юу ч дуугарсангүй “явъя” гээд тэр хоёр явах гэтэл Уянгаа Үүрээг татаад чирч “Чи бид хоёрын дундуур орж бид хоёрыг салгасандаа бах чинь ханаж байна уу?” гээд үсдэх гэтэл Далай голд нь орж салгаж Уянгааг “Чи яаж ингэж хэлж чадаж байнаа?” гээд  алгадаад авлаа. Уянгаагийн нүдэнд нулимс цийлэгнээд тэр хоёр руу галзуурсан чонын нүдээр муухай хараад дэлгүүрээс гараад явав. Далай Үүрээ хоёр дэлгүүрээс авсан юмнуудаа машиндаа ачаад хөдлөхөд Уянгаа машиндаа суугаад тэр хоёрыг ажиглан машинтайгаа араас нь дагаж явсаар хаашаа явж байгааг нь мэдээд машинаа хурдлуулж тэр хоёрыг гүйцэд түрүүлэн нэлээн зайтай очоод машиндаа байсан вискигээ уугаад уйлж байснаа тэр хоёрын машин гараад ирэхэд Уянгаа машинаа асаан тэр хоёрын өөдөөс хар хурдаараа давхилаа. Далай Үүрээ хоёр ээж рүүгээ яараад хурдтай явж байсан болохоор өөдөөс нь гэнэт машин хар хурдаараа чиглээд ирэхэд сигналдаж тормозоо гишгэсэн ч халтиргаатай зам дээр гулгаж зогсож чадалгүй, яг тулаад мөргөлдөх дөхөхөд Далай баруун тийшээ дарж замаас явсаар нэгэн том чулуу мөргөн зогслоо...

            Үүрээ ухаан орон сэрэхэд хажууд нь Далайгийн толгойноос цус гаран ухаан алдсан байлаа. Машин дотор шил толины олон жижиг хагархайнууд энд тэнд тарж, бүх зүйлс замбараагүй болсон байлаа. Үүрээ суудлын даруулгаа тайлаад машинаасаа гарахад машины урд хэсэг базсан лааз шиг болсон байлаа. Тэгээд Далайг очиж машинаас гаргалаа...

Далай ухаан орж сэргэхэд өөдөөс нь гэрэл үзэгдэв. Гайхан эргэн тойрноо ажиглавал эмнэлэгт байлаа. Толгойг нь битүү маарлаар боож, дусал залгасан байлаа. Гэнэт өрөөний хаалга онгойж түүний ээж орж ирлээ. Далай их гайхаж “таны бие зүгээр үү?” гэж асуухад ээж нь хүүгээ сэргэснийг хараад уйлж, эмчээ гэж ориллоо. Далай осолд ороод хагас сар гаруй ухаангүй хэвтсэн бөгөөд Хөвсгөлөөс ээж, дүү нар нь бүгд ирсэн байлаа. Удалгүй эмч орж ирж үзлэг хийгээд гараад явлаа. Тэгээд Далай Үүрээ яасныг асуухад ээж нь нулимсаа дуслуулан болсон бүх явдлыг ярьж өглөө.

            Уянгаа энэ явдлаас хойш архинд нэвт орж улмаар галзуурсан бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтжээ. Эмнэлэгт байхдаа амь хорлосон байна.   

            Далай охиноо тэврэн өрөөнд оруулж охиныхоо хувцсыг нь тайлж, оронд нь хэвтүүлэв. Маргааш нь Үүрээгийнхээ ээжтэй уулзаад “Яагаад тэр дэвтрийг Эгшигт өгсөн юм бэ?” гэж асуутал тэр “Эгшиг надтай сургууль орох, сургуулиас тараад гэртээ харих замдаа ярьдаг ганц сэдэв нь ээжийнхээ талаар асуух байдаг юм. Тийм болохоор би охиныг ээжийнхээ талаар бүхнийг мэдээсэй гэж хүссэн болохоор тэр дэвтрийг өгсөн юм.” гэж хариуллаа.   

Үүрээ Далайг машинаас гаргаад Далайг дуудаж сэрээх гэсэн боловч огт ухаан орохгүй байсан бөгөөд Далайгийн царай нь хувхай цайж хөлдөж эхэлж байлаа. Үүрээ өөрийнхөө өмсөж явсан нэхий дээлээ Далайд нөмрүүлж, түүнийг өвөр дээрээ хэвтүүлээд “Далай” гэж чангаар дуудаж, “Хүн байна уу?” гэж чанга орилсоор байлаа. Гэвч хэн ч ирсэнгүй. Үүрээ цамцаараа Далайгийн толгойг боож цусыг нааж хөлдөөгөөд, машинд авч явсан цаас, суудлын бүрээс зэрэг шатаж болох юу л байна тэр бүгдээр гал асааж, улмаар шатах юмс дуусахад өөрийнхөө гадуур хувцаснуудыг нэг нэгээр шатааж Далайг дулаацуулна...

Түргэний тэрэг ирэхэд саяхан унтарч утаа нь суунаглах жижиг цучилны дэргэд ухаангүй боловч амьтай төдий зүрх нь цохилох Далай, түүнийг чанга тэвэрч хөшсөн, царай нь цас шиг болтлоо цайж, бие нь аль хэдийнээ хөрсөн, жинсэн өмд болон нимгэн цамцтай Үүрээ хоёр хэвтэж байлаа...

*Хайрт минь чи миний араас битгий гашуудан шаналаарай. Би богинохон мэт боловч асар их цаг хугацааг чамтайгаа болон охинтойгоо хайраар умбаж, аз жаргалаар бялхаж өнгөрүүлсэн. “Чиний минь намайг хайрласан гал халуун хайр, алаг үрээ тэврэн ангир ургаа хөхүүлэх эхийн жаргал” энэ хоёр хорвоогийн хамгийн том баяр баясгаланг амталж мэдэрсэн минь миний амьдралд мөнхийн аз жаргал өгсөн. Гэвч би чамайгаа алдахыг бас охиноо том болоод хайртай хүнээ алдах зовлон шаналлыг бүү амсаасай гэж үргэлж хүсдэг учраас манай удмынханд ирсэн тэр хараалыг өөрийнхөө амь насаараа хариулахаар энхрий үрээ төрсөн мөчөөс би шийдсэн байсан юм шүү. Чи минь бидний хайрын үргэлжлэл болсон энхрий охиноо миний өмнөөс хайраар дутаалгүй өсгөөрэй. Миний амьдрал бол чинийхээ төлөө, хайртай охиноо төлөө бүхнээ зориулах миний хайр юм шүү.

бичсэн: Зулаа төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax